5/2/11

"Гэгээн алсын одод-2011" наадмын шилдгүүд тодров



Хүүхэд багачуудын зочлох дуртай "Хүүхэлдэйн театр" хөл тавих зайгүй хөл хөдөлгөөн ихтэй байна. Тэнд ч замын цагдаа, энд ч бяцхан хаад, хатад сандран гүйлдэнэ. Зарим нэг нь "Айдгаа авдартаа хийчихлээ.

Хүүхэд багачуудын зочлох дуртай "Хүүхэлдэйн театр" хөл тавих зайгүй хөл хөдөлгөөн ихтэй байна. Тэнд ч замын цагдаа, энд ч бяцхан хаад, хатад сандран гүйлдэнэ. Зарим нэг нь "Айдгаа авдартаа хийчихлээ. Орой 19.00 цагт л дүн гарна гэнэ" хэмээн өөр хоорондоо ярилцах аж. Энэ бол "ТВ-9" телевизээс зохион байгуулж буй "Гэгээн алсын одод-2011" хүүхдийн урлагийн их наадмын гуравдахь шатны шалгаруулалт.

Оролцогчдыг дэмжихээр эцэг, эх, найз нөхөд, ах дүүс нь хамгийн чухал шалгаруулалтын дүнг сонсохоор хаалганы цаана чих тавин сууна. Өмнөхөөс ялгаатай нь энэ шатанд 75 оролцогчоос 60 нь хасагдана. Өмнө нь бэлдсэн номерыг нь үзээд тэнцсэн, тэнцээгүй гээд шууд дүгнэчихдэг шүүгчид энэ удаад урмын үг хэлж, зөвлөөд гаргаж байсан нь оролцогчдод тэнцчихэж магадгүй гэсэн найдвар төрүүлж байв.

Энэ шалгаруулалтад тэнцсэн 15 оролцогч уг наадмын гала тоглолтод оролцох эрхээр шагнуулах юм. Тиймээс хамгийн хариуцлагатай даваа бол гуравдугаар шат байлаа. Оролцогч багачуудад энэ удаагийн шалгаруулалтад шүүгчдийн зөвлөгөөг дагасан нь бэлдсэн номероос нь анзаарагдаж байлаа. Шалгаруулалтын үед заримдаа бодит байдалд зочлоод ирэх мэт сэтгэгдэл төрүүлэх чадварлаг багачууд ч олон байв. Тодруулбал, 93 дугаартай Баасандорж, 133 дугаартай оролцогчид "Хөдөөгийн баясгалан" киноны дуугаар, 152 дугаартай Тэмүүжингийн Өгөдэй "Торгон хилийн зүг" дуугаараа, 48 дугаар сургуулийн "Амур-2" хамтлаг энэтхэг бүжгийг орчин үеийн ритмээр бүжсэн нь эгээ л энэтхэг кино үзээд дуусах шиг сэтгэгдэл төрүүлж байсан юм.

"Ирээдүйн одод" амьд хөгжмийн хамтлагийнхан "Дэлхий дүүрэн бага нас" дуугаараа, Ховдын Булганы Энхтүвшингийн дуулсан "Гийнгоо" дууг сонссон шүүгчид төдийгүй үзэгчдэд дагаад давхичихмаар сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлээд авна лээ. Шүүгчид тэдэнд сайн биш онц гэсэн үнэлгээг өгч харагдсан. Харин энэ удаагийн наадмын хамгийн өхөөрдөм бас эрэлхэг оролцогч нь 245 дугаартай "Boys" бүжгийн хамтлагийн хөвгүүд. Эхний шатны шалгаруулалтын үеэр хөвгүүдийн нэг нь хөлөө гэмтээж хоёрдугаар шатны шалгаруулалтад ганц дайчин ганцаардахгүйг харуулж чадсан тэд энэ удаад хоёулаа тайзнаа гарч ирж шүүгчдийн анхаарлыг татаж орхив.

Өрөөсөн хөлдөө гипстэй хэрнээ алдарт Шакирагийн 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын сүлд дуу "This time for Africa"-ийн ая дээр " Waka waka" бүжгээ бүжиж найзууд нь ард нь орон орны туг барьж бүжнэ. Алдарт Шакираг "Гэгээн алсын одод-2011" наадмын тайзнаа бүжиглүүлж чадсан сэргэлэн жаалууд бужгийн төгсгөлд төрийн дууллаа эгшиглүүлэн үзэгчдийг суудлаас нь босгож чадсан юм.

Хэдийгээр шүүгчдээс бүжгийн хөдөлгөөн дутуу хэмээх шүүмжийг хүртсэн ч хөвгүүд дэлхийн хэмжээнд сэтгэж, төрийн дууллаа эгшиглүүлэн, олон улсын эв нэгдлийг харуулж чадлаа гэсэн урмын үгээр тайзнаас үдүүлсэн. Ийнхүү "Гэгээн алсын одод-2011" наадмын чадварлаг оролцогчид олон сонирхолтой үзүүлбэрүүдээ сонирхуулав. Шүүгчдийн хэлснээр "Ийм олон чадварлаг багачууд байхад бид ирээдүйдээ итгэлтэй байлгүй яах юм" гэсэн сайхан үгээр сурвалжлагаа өндөрлөе.

No comments: